УНАДАГ ДУГУЙ, МОПЕД, ЕРДИЙН ХӨСГӨӨР ЗОРЧИХ, МАЛ ТУУХАД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА

23.1. Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-гаас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. 
23.2. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино.
23.3. Ердийн хөсгийн тоног таталга нь бат бөх байхаас гадна харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл ойлгуур (тус бүр хоёр ширхэг)-тай байвал зохино. 
23.4. Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
23.5. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвараас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсэгт нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
23.6. Унадаг дугуй, мопедын жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ жолооны гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах; 
б/ ачаа нь урт буюу өргөнөөрөө тээврийн хэрэгслийн овроос 0.5 метрээс илүү гарах, өндөр нь газраас 1.5 метрээс илүү байх;
в/ зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд (түүнчлэн ачааны зориулалттай бол тэвшинд) хүн тээвэрлэх;
г/ 7 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэх;
д/ согтуу хүн тээвэрлэх;
е/ тээврийн хэрэгслийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.
23.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.
23.8. Төмөр замын гармаар ердийн хөсгийг гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Мал тууж гаргахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана. 
23.9. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл:
а/ ердийн хөсгийн овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэх;
б/ зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих;
в/ согтуу байх.