ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЧИРЭХ

20.1. Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор, мөн цоройлгон ачих байдлаар найдвартай холбож чирэх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаана.
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 6.2-ын “д”, 6.3-ын “г” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.

20.2. Хатуу холбоогоор чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл нь шулуун чигт чирч яваа тээврийн хэрэгслийнхээ дугуйн мөрийг дагахаар холбогдоогүй, түүнчлэн зөөлөн холбоо хэрэглэсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно.
20.3. Хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино.

20.4. Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх бөгөөд зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.

20.5. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно.

20.6. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол:
а/ чиргүүлтэй тээврийн хэрэгслээр; 
б/ хоёр буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг;
в/ хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг; 
г/ халтиргаатай зам буюу уулын замд зөөлөн холбоогоор;
д/ чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол;
е/ уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол.