ЗААХ ТЭМДЭГ

25 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 

1. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
3. Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрх тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон, түүнчлэн тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр засварт оруулсан бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4. Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 100-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5. Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,
ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

215 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих

215.1. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.2. Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.3. Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.4. Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
Тайлбар: Энэ зүйлд заасан “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд, “тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнчлэн бусад механикжсан тээврийн хэрэгслийг тус тус ойлгоно.
216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
216.1. Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 216 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
217 дугаар зүйл. Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих
217.1. Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
217.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
217.3. Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
218 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварлах, ашиглалтанд оруулах
218.1. Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар хариуцсан ажилтан тэдгээрийг чанар муутай засварласан буюу ашиглалтанд оруулсны улмаас осол гарч хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
218.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
218.3. Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
219 дүгээр зүйл. Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг эвдэх, гэмтээх
219.1. Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол нэг зуугаас гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
219.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
220 дугаар зүйл. Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах
220.1. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
220.2. Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон, түүнчлэн онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
221 дүгээр зүйл. Согтуурсан буюу мансуурсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах
221.1. Тээврийн байгууллагын ашиглалт хариуцсан ажилтан согтуурсан буюу мансуурсан этгээд гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
221.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

222 дугаар зүйл. Жолоогоо бусдад шилжүүлэх
222.1. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
222.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
223 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах
223.1. Авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
223.2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн, түүнчлэн хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
223.3. Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, эсхүл хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.